7 Монгол Улсын Их Хурлын 2017 оны нàмðûí ээлжит áîëîí ýýëæèò áóñ чуулганы үйл ажиллагааны танилцуулга МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД 2017 ОНЫ НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫГ НЭЭЖ ХЭЛСЭН ҮГ Монгол Улсын Ерөнхийлөгч өө, Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ, Хүндэт зочид оо, Улсын Их Хурлын долоо дахь удаагийн сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан парламент хоёр дахь намартайгаа золгож, ээлжит чуулганаа өнөөдөр эхлүүлж байна. Завсарлагааны хугацаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох сонгууль болж, Улсын Их Хурал хоёр ч удаа ээлжит бус чуулган хуралдуулж, та бид нэлээд ачаалалтай ажиллалаа. Хаврын ээлжит чуулган өндөрлөснөөс хойших завсарлагааны хугацаанд Улсын Их Хурлын гишүүд эх орныхоо 21 аймаг, 9 дүүрэгт хүрч ажилласан байна. Хөдөө орон нутагт л гэхэд давхардсан тоогоор 46 гишүүн, 305 хүн өдөр ажиллаж, иргэд сонгогчидтойгоо уулзан Монгол Улсын нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, цаашдын бодлого, зорилтын талаар санал бодлоо солилцож, Улсын Их Хурлаас батлан гаргасан хууль тогтоомжийг сурталчилан ажилласан байна. Улс орны нийгэм, эдийн засгийн байдал үүнээс ч илүү зүйл, санаачилгатай ажиллахыг биднээс бас шаардаж байгаа. Гэхдээ идэвх чармайлтаа гарцаагүй тулгамдсан, улс орны өнөө хийгээд ирээдүйн амин чухал эрх ашгийг хөндсөн асуудлуудыг шийдвэрлэхэд чиглүүлмээр байгаа юм. Парламентын бүрэн эрхийн үлдэж буй хугацааг улс төржилтөөс үүдэлтэй элдэв дайвар асуудал тойрон бужигнаж өнгөрөөмөөргүй байна. Тиймээс төрийн бодлого, хууль боловсруулах үндсэн ажилдаа, иргэд сонгогчдын итгэлийг биелүүлэх гол зорилтдоо анхаарлаа төвлөрүүлэх ёстой гэдгийг эрхэм төрийн түшээд та бүхэнд хандан хэлэхийг хүсэж байна. Төсвийн бодлогыг эмхлэн цэгцэлж, төсвийн гүйцэтгэл, түүнд тавих хяналтыг сайжруулж, Олон улсын валютын сангийн хөтөлбөрийг хэрэгжүүлснээр улс орны эдийн засгийн үзүүлэлтүүд сайжирч эхэлж байна. Олон улсын валютын сангийн ажлын хэсэг хөтөлбөрийн хэрэгжилтийн эхний шатанд үнэлгээ хийгээд тавьсан зорилтууд бүрэн биелж байна гэж үзсэн байна. Давж биелсэн орлогын тал орчим хувиар хуримтлал үүсгэж буй нь зээллэгийн хэмжээг бууруулан, өрийн өсөлтийг хязгаарлах боломж бүрдүүлж байна гэж тэд дүгнэсэн байна. Эхний хагас жилийн байдлаар эдийн засгийн өсөлт 5.3 хувьд хүрлээ. Цаашид өсөлт нэмэгдэж, инфляци дунд хугацаанд зорилтот 8 хувийн орчимд тогтворжих төлөвтэй байна. Үүнийг үндэслэн Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл бодлогын хүүг 12 хувьд хэвээр хадгалахаар шийдвэрлэжээ. Эдгээр нь гадаад, дотоод орчноос Монголын эдийн засаг, санхүүгийн байдалд өгч байгаа бодит үнэлгээ, дүгнэлт юм. Энэ дашрамд, богино хугацаанд эдийн засгаа тогтворжуулж, цаашдын өсөлтийг хангахын төлөөх бидний хүчин чармайлтыг ойлгон тусалж, хамтарч байгаа хөрш болон хөгжлийн түнш орнууд, олон улсын банк, санхүүгийн байгууллагуудад чин сэтгэлийн талархал илэрхийлье. Улсын Их Хурал 2018 оны улсын төсөв, мөнгөний бодлогыг батлахдаа өнгөрсөн хугацаанд авч хэрэгжүүлсэн төсөв, санхүүгийн бодлогоо тогтвортой хадгалж, Олон улсын валютын сантай хамтран хэрэгжүүлж байгаа “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг тууштай дэмжих болно.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw