Ìîíãîë Óëñûí Èõ Õóðëûí 2016 îíû хавðûí ýýëæèò ÷óóëãàíû ¿éë àæèëëàãààíû òàíèëöóóëãà 6 Тавантолгойн нүүрсний ордыг Монгол Улс цаашид хэрхэн ашиглах вэ гэсэн асуулт зүй ёсоор гарна. Тавантолгойн нүүрсний орд бол коксжих нүүрс, чулуун нүүрс аль алиныг нь агуулсан дэлхийд ховорт тооцогдох том орд юм. Тавантолгойн ордын коксжих нүүрсийг бид дэлхийн зах зээлийн үнээр борлуулна. Үүний тулд Ухаа худаг-Гашуунсухайт, Тавантолгой-Сайншанд чиглэлийн төмөр замыг барьж дуусгах шаардлагатай. Харин Тавантолгойн ордын чулуун нүүрсийг байгалийн хий болон хувиргаж Улаанбаатарыг утаагүй түлшээр хангах, мөн үлдсэн хэсгийг нь хуванцар эдлэлийн үндсэн түүхий эд болгон Япон болон бусад зах зээлд экспортлохоор холбогдох талуудтай хэлэлцэж байна. Эдгээр арга замууд нь Тавантолгойн ордыг Монголын иргэдэд хамгийн үр өгөөжтэйгээр ашиглах бодит, ойрын ирээдүй юм. Эдийн засгийн бодлогодоо эргэлт хийж буй энэ цаг үед Засгийн газрын өр, зээлийн тухай сэдэв олон нийтийн анхаарлыг татаж байна. ОУВС-ын статистикийн аргачлалаар манай улсын гадаад өр 2015 оны байдлаар 20 гаруй тэрбум ам.долларт хүрчээ. 2012 оныг хүртэлх С.Баяр, Сү.Батболд нарын Засгийн газрын үед 9.936 тэрбум ам.долларын зээл, Н.Алтанхуяг, Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед 9.924 тэрбум ам.долларын зээл авсан байна. 2008 оноос хойш эрх барьсан намуудын Засгийн газар үндсэндээ адил хэмжээний зээл авчээ. Монгол Улсын Засгийн газар дааж давшгүй өрөнд баригдсан мэт буруу ойлголт зарим хүмүүст байна. Манай улсын өр байж болох түвшнээс хэтэрсэн эсэхийг дүгнэхдээ дор хаяж дараах хүчин зүйлсийг авч үзэх ёстой. Нэгдүгээрт, бусад улсын үзүүлэлттэй харьцуулах шаардлагатай. ДНБ-д Засгийн газрын өрийн эзлэх хувиар манайхаас илүү өртэй олон арван хөгжилтэй болон хөгжиж буй орнууд байна. Хоёрдугаарт, Засгийн газрын зээлийг улс орны ирээдүйн эдийн засгийн өсөлттэй холбож авч үзэх ёстой. Өөрөөр хэлбэл, бид эдийн засгийнхаа өсөлтийг хангаж чадвал ДНБ-д эзлэх Засгийн газрын зээлийн хувь ойрын ирээдүйд түргэн буурах боломжтой. Сүүлийн жилүүдэд Засгийн газрын зээлээр дэд бүтэц, хөдөө аж ахуй, аж үйлдвэрийн салбартаа хийсэн хөрөнгө оруулалт огцом өссөн нь эдийн засгийн ойрын ирээдүйн өсөлтийн нэгэн чухал эх үүсвэр болно. Мөн, дан ганц Оюутолгойн төсөл гэхэд л манай ДНБ-ийг 30 хувиар өсгөх тооцоо бий. Намаараа талцаж, аль нь илүү зээл авсан тухай маргалдаж суух нь утга учиргүй. Бид урд нь авсан зээлээ нийгмийн халамжид зориулан, идэж уугаад дуусгасан нь үнэн. Дэлхийн зах зээл дээрх нүүрсний үнэ огцом унасан сүүлийн жилүүдэд эдийн засгаа өөд нь татахын тулд ухаан зарж ажиллахыг нөхцөл байдал биднээс шаардаж буй. Урд өмнөх алдаандаа дүгнэлт хийж, эдийн засгаа олон тулгууртай болгохоос өөр замгүй гэдгийг цаг үе бидэнд хүчээр ухааруулж байна. Хэдхэн хоногийн өмнө Монголын эдийн засгийн чуулган 7 дахь жилдээ болж өнгөрлөө. Энэ чуулганы үеэр төр, хувийн хэвшил, төрийн бус байгууллага, иргэдийн төлөөллийг хамруулсан өргөн хүрээтэй хэлэлцүүлэг явуулж Монголын эдийн засгийн өнгөрсөн, одоо, ирээдүйг шүүн хэлэлцлээ. Миний бие уг чуулганд оролцож эдийн засгийн цаашдын бодлогын талаарх саналаа илэрхийлсэн. Эдийн засгаа уул уурхайн хэт хамаарлаас ангижруулж, манай улсын эдийн засгийн суурь болсон хөдөө аж ахуйн салбартаа ойрын хугацаанд онцгойлон хүч тавихын зэрэгцээ үйлдвэржилт, тэр дотроо боловсруулах үйлдвэрийн хөгжлөө идэвхжүүлэх бодлого явуулсны эхний үр дүн чамлахааргүй түвшинд байгаа тухай дурдаж, энэхүү сайн эхлэлийг улам эрчимжүүлэх нь чухал гэдгийг тэмдэглэсэн. Сүүлийн 4 жилд Засгийн газар бондын зээлийг дэд бүтэц, хөдөө аж ахуй, аж үйлдвэрээ өөд нь татахад голлон зарцуулсан. Энэ бодлого ч зохих үр дүнгээ өгч байна. Тухайлбал, өнгөрсөн жилийн дунд үеэс эхлэн хөдөлмөрийн зах зээлийн уналт саарсаар, улмаар өсөлт ажиглагдаж эхэллээ. Сүүлийн 2 сарын туршид шинээр ажилд орсон хүний тоо өмнөх оны мөн үеэс даруй 60 хувиар өссөн нь тун чухал шинж тэмдэг юм. Энэ бол манай орны хувьд сүүлийн үед АНУ-ын хөдөлмөрийн зах зээл дээр үүсэж буй эерэг үзүүлэлттэй дүйцэхүйц хэмжээний үзэгдэл мөн.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw