25 ГУРАВ. УЛСЫН ИХ ХУРЛЫН МЭДЭЭЛЭЛ, СУДАЛГАА, СУРТАЛЧИЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ҮЙЛ АЖИЛЛАГАА 3.1.Мэдээлэл, сурталчилгаа, олон нийттэй харилцах үйл ажиллагаа Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажлын хүрээнд Улсын Их Хурлын найм дахь удаагийн бүрэн эрхийн анхдугаар чуулганы хугацаанд хууль тогтоох үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг ханган мэдээ, мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, цахим хуудас, олон нийтийн сүлжээгээр дамжуулан иргэдэд бодитой, шуурхай түгээлээ. Анхдугаар чуулганы нэгдсэн болон Байнгын хороодын хуралдааны тойм, Улсын Их Хурлын дарга, гишүүд, Байнгын хороод, Тамгын газраас зохион байгуулсан хэвлэлийн хурал, уулзалтууд, Улсын Их Хурлын Тамгын газрын үйл ажиллагааны талаарх нийт 33 текст мэдээг 227 гэрэл зургийн хамт parliament.mn цахим хуудсанд байршуулав. Улсын Их Хурлын долоо хоног тутмын үйл ажиллагааг тоймлон хүргэдэг “УИХ-энэ долоо хоногт” нэвтрүүлгийн 2 дугаар, 4 шторк бэлтгэж, телевизүүдийн эфир, олон нийтийн сүлжээ болон Улсын Их Хурлын Тамгын газрын дотоод сүлжээний “ParliamentTV”-ээр түгээлээ. Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төслүүд, Улсын Их Хурлын дарга, гишүүдийн уулзалт, Байнгын хороодоос зохион байгуулсан хэлэлцүүлэг, семинар, нээлттэй сонсгол болон тэмдэглэлт үйл явдал, Тамгын газрын үйл ажиллагааны талаарх 5 видео мэдээ бэлтгэж parliament.mn цахим хуудсанд байршуулахын зэрэгцээ youtube.com, twitter.com, facebook.com сүлжээгээр олон нийтэд хүргэв. Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг болон Улсын Их Хурлын гишүүдээс хийсэн 3 удаагийн хэвлэлийн бага хуралд сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнуудыг өргөнөөр оролцуулах ажлыг зохион байгуулж, Улсын Их Хурлын facebook.com сүлжээн дэх албан ёсны хаягаар шууд дамжуулан иргэдэд шуурхай хүргэсэн. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.10-т “Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийг “Төрийн мэдээлэл” эмхэтгэлд хэвлэн нийтлэх бөгөөд түүнийг албан ёсны эх гэж үзнэ” хэмээн заасан байдаг. Анхдугаар чуулганы хугацаанд “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2 дугаарыг хэвлэж захиалагч, уншигчдад хүргүүлэв. Эмхэтгэлд Монгол Улсын хууль 2, Улсын Их Хурлын тогтоол 6, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг 4, Засгийн газрын тогтоол 3-ыг нийтэлсэн байна. Эмхэтгэлийн дугааруудын тойм, танилцуулгыг бэлтгэн parliament.mn цахим хуудас болон олон нийтийн сүлжээнд байршуулж, дугаар бүрийн PDF хувилбарыг тухай бүрд parliament.mn сайт болон “ТМ” аппликейшнд нийтлэн, хууль тогтоомжийн албан ёсны эхийг олон нийтэд нээлттэй, хүртээмжтэй хэлбэрээр шуурхай түгээлээ.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw