Чуулганы танилцуулга

53 Монгол Улсын Их Хурлын 2020 оны хаврын ýýëæèò чуулганы үйл ажиллагааны танилцуулга ТАВ. УЛСЫН ИХ ХУРЛЫН ГАДААД ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГАА Улсын Их Хурлын 2020 оны хаврын ээлжит чуулган хуралдах хугацаа дэлхий дахины тулгамдсан асуудал болоод буй коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын дэгдэлтийн оргил үетэй давхцаж, дэлхийн улс орнууд энэхүү халдварт өвчний эсрэг хариу арга хэмжээ авч, олон улсын хэмжээнд хөл хорио тогтоогоод буй энэ хугацаанд Улсын Их Хурлын шугамаар гадаадад болон дотоодод хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бүх айлчлал, арга хэмжээ тодорхойгүй хугацаагаар хойшлогдсон. 5.1. ЦАХИМ ХАРИЛЦАА Дэлхий дахинд онцгой нөхцөл байдал үүссэн энэ цаг үед парламентын гадаад харилцааны шугамаар бодит айлчлал, арга хэмжээ, уулзалт, яриа хэлэлцээ тодорхой хүрээнд хязгаарлагдсан хэдий ч Улсын Их Хурлаас цахим технологи ашиглан гадаад харилцаа, хамтын ажиллагаагаа тасралтгүй үргэлжлүүлэхэд анхаарч, Олон Улсын Парламентын Холбоо, Нэгдсэн Үндэстний Байгууллага, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага зэрэг олон улс, бүс нутгийн байгууллагууд болон Дипломат төлөөлөгчийн газруудтай тодорхой асуудлуудаар уялдаа холбоотой ажиллаж, харилцан мэдээлэл, туршлага солилцов. Тухайлбал, Улсын Их Хурлын чуулганы нээлтийн үйл ажиллагаанд гадаад улсаас Монгол Улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн нар онлайн хэлбэрээр уригдан оролцов. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын удирдлага дор эв санаа, зохион байгуулалт нэгтэй байж, хамтын хүчээр цар тахалтай тэмцэх таслан зогсоох улс орнуудын хүчин чармайлтыг дэмжиж, цар тахлын эсрэг ард иргэдээ хамгаалж, үндэсний аюулгүй байдлыг хангахад хууль тогтоох байгууллагуудын үүрэг, оролцоо нэн чухал юм. Энэ хүнд цаг үед Олон Улсын Парламентын Холбоо нь парламентын үйл хэрэг, хамтын ажиллагааг дэмжихэд зөвлөгөө, чиглэл өгсөн хэвээр байгаа бөгөөд хямралыг даван туулах чиглэлээр улс орнуудын парламентууд өөрсдийн авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, хүчин чармайлтын талаар харилцан туршлага, мэдээлэл хуваалцахыг уриалсан. Энэ хүрээнд Улсын Их Хурлын дэд дарга Л.Энх-Амгалан болон Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайханаас Олон Улсын Парламентын Холбооны Ерөнхийлөгч болон Ерөнхий нарийн бичгийн дарга нарт цар тахлын эсрэг үндэсний хэмжээнд хэрэгжүүлж буй арга хэмжээ болон Улсын Их Хурлын зүгээс бодлогын түвшинд үзүүлж буй дэмжлэг, үйл ажиллагааны талаар мэдээлэл хүргүүлж, туршлага хуваалцав. Мөн коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын тархалтын эсрэг гадаад орнуудын зүгээс хэрэгжүүлж буй арга хэмжээний тухай мэдээллийг Улсын Их Хурлын даргад тухай бүр тогтмол, шуурхай танилцуулж, мэдээллээр хангав. 5.2. УУЛЗАЛТ, ИЛГЭЭЛТ Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын дарга, Байнгын хороодын дарга нар Монгол Улсад суугаа гадаад улсын Элчин сайд нар, олон улсын байгууллагын тэргүүн нарыг хүлээн авч уулзлаа. Тухайлбал, Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизовыг, Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Клическиг, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Суурин төлөөлөгч Сергей Диордицаг, Улсын Их Хурлын дэд дарга Я.Санжмятав Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цай Вэньруйг, Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт Монгол Улс дахь Нэгдсэн Үндэстний Байгууллагын Суурин төлөөлөгч Т.Мишраг, Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Клическиг тус тус хүлээн авч уулзан, цаг үеийн асуудлаар болон харилцан сонирхсон бусад сэдвээр ярилцаж, санал солилцлоо.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw