Чуулганы танилцуулга

45 Монгол Улсын Их Хурлын 2020 оны хаврын ýýëæèò чуулганы үйл ажиллагааны танилцуулга ДӨРӨВ. УЛСЫН ИХ ХУРЛЫН МЭДЭЭЛЭЛ, СУДАЛГАА, СУРТАЛЧИЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ҮЙЛ АЖИЛЛАГАА 4.1.Мэдээлэл, сурталчилгаа, олон нийттэй харилцах үйл ажиллагаа Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажлын хүрээнд Улсын Их Хурлын 2020 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд хууль тогтоох үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг ханган мэдээ, мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, цахим хуудас, олон нийтийн сүлжээгээр дамжуулан иргэдэд бодитой, шуурхай түгээлээ. Улсын Их Хурлын үйл ажиллагаатай холбоотой мэдээ, мэдээлэл, чуулганы нэгдсэн хуралдаан болон Байнгын хороодын хуралдааны тойм, Улсын Их Хурлын дарга, гишүүд, Байнгын хороод, Тамгын газраас зохион байгуулсан хэвлэлийн хурал, уулзалтууд, Улсын Их Хурлын Тамгын газрын үйл ажиллагааны талаарх нийт 156 текст мэдээг 624 гэрэл зургийн хамт parliament.mn цахим хуудсанд байршуулав. Шинэ коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахал халдвар олон улсад дэгдсэнтэй холбогдуулан Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас өгсөн зөвлөмж, Улсын онцгой комиссын шийдвэрийн хүрээнд зохицуулалт хийж “Улсын Их Хурлын үйл ажиллагааг сурвалжлах, мэдээлэх түр журам” батлан хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдийн үйл ажиллагааг түр хугацаанд зохицуулснаараа онцлогтой байв. Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурал, түүний Тамгын газрын өдөр тутмын үйл ажиллагааны талаар олон нийтэд нээлттэй, ил тод мэдээллээ. Улсын Их Хурлын долоо хоног тутмын үйл ажиллагааг тоймлон хүргэдэг “УИХ-энэ долоо хоногт” нэвтрүүлгийн 7-н дугаар, Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн талаарх тусгай нэвтрүүлгийг бэлтгэж, телевизүүдийн эфир, олон нийтийн сүлжээгээр иргэдэд хүргэв. Түүнчлэн Улсын Их Хурал, түүний Тамгын газрын албан ёсны мэдээ, мэдээллийг түгээх сувгийг өргөжүүлэх зорилгоор дээрх нэвтрүүлгүүд, видео контентуудыг Тамгын газрын дотоод сүлжээний “ParliamentTV”-ээр өдөр тутам түгээж ажилласан. Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төслүүд, Улсын Их Хурлын дарга, гишүүдийн уулзалт, Байнгын хороодоос зохион байгуулсан хэлэлцүүлэг, семинар, нээлттэй сонсгол болон тэмдэглэлт үйл явдал, Тамгын газрын үйл ажиллагааны талаарх 63 видео мэдээ бэлтгэж, parliament.mn цахим хуудсанд байршуулахын зэрэгцээ youtube. com, twitter.com, facebook.com сүлжээгээр олон нийтэд түгээв. Улсын Их Хурлын Байнгын болон түр хороод, Улсын Их Хурлын Тамгын газраас зохион байгуулсан 51 удаагийн хэвлэлийн бага хуралд сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнуудыг өргөнөөр оролцуулах ажлыг тухай бүрд нь зохион байгуулж ажиллав. Эдгээрийг Улсын Их Хурлын facebook.com сүлжээн дэх албан ёсны хаягаар шууд дамжуулан, мэдээллийг албан ёсны эх сурвалжаас иргэдэд шуурхай хүргэсэн. Мөн хэвлэлийн бага хурлын мэдээллийг текст, фото, видео хэлбэрээр бэлтгэн, хэвлэл мэдээллийн байгууллагуудад хүргүүлж, иргэд, олон нийтэд мэдээллийг хүртээмжтэйгээр түгээх ажлыг зохион байгууллаа. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.10-т “Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийг “Төрийн мэдээлэл” эмхэтгэлд хэвлэн нийтлэх бөгөөд түүнийг албан ёсны эх гэж үзнэ” хэмээн заасан байдаг. Ээлжит чуулганы хугацаанд “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 6-н дугаарыг хэвлэж захиалагч, уншигчдад хүргүүлэв. Эмхэтгэлд Монгол Улсын хууль 23, Улсын Их Хурлын тогтоол 15, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг 5, Засгийн газрын тогтоол 6, Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт 1, Монгол Улсын олон улсын гэрээ 2-ыг нийтэлсэн байна.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw