2 Улсын Их Хурлын 2010 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга Д.Дэмбэрэлийн хэлсэн үг Монгол Улсын Ерөнхийлөгч өө, Ерөнхий сайд аа, Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ, Хатагтай, ноёдоо Улсын Их Хурлын намрын ээлжит чуулганаа эхлүүлэхээр та бид цуглаад байна. Энэ удаагийн ээлжит чуулган Улс орны эдийн засаг, нийгмийн амьдралд чамгүй өөрчлөлт, үр дүн гарсан үед нээлтээ хийж байна. Оны эхний хагас жилд эдийн засаг 5 хувь өссөн нь жилийн дүнгээр 7,4 хувьд хүрч тавьсан зорилт хангагдахаар байна. Дотоодын нийт бүтээгдэхүүн 8 их наядад дөхөж, улсын төсвийн орлого төлөвлөснөөсөө давж биелэх төлөвтэй юм. Зэс, нүүрс, төмрийн хүдэр болон ноолуур зэрэг мал аж ахуйн бүтээгдэхүүний гадаад худалдааны үнэ өсч, экспорт нэмэгдлээ. Энэ онд бид инфляцийг 10 хувийн түвшинд барих зорилт тавьсан бөгөөд үр дүн нь үүнээс хол зөрөхгүй биз ээ. Эдийн засгийн сэргэлт, түүний дотор уул уурхайн үйлдвэрлэлийн хөгжлийн хандлагаас үзэхэд ойрын ирээдүйд манай орны эдийн засаг харьцангуй хурдацтай, өсөлттэй байх төлөв ажиглагдаж байна. Төрийн мөнгөний бодлогыг эдийн засгийн өсөлт, нийгмийн амьжиргааг дээшлүүлэх зорилгод чиглүүлэх боломж ч бүрдлээ. Банкуудын хөрөнгийн нийт эх үүсвэр өнгөрсөн оны мөн үеийнхээс нэг их наядаар нэмэгдэн 4,7 их наяд болж, төлбөрийн чадвар сайжирчээ. Үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгийн доллартай харьцах ханш тогтворжин, гадаад валютын нөөц 1,6 тэрбум долларт хүрлээ. Иргэдийн хадгаламжид баталгаа гаргасан нь банкинд итгэх итгэлийг бататгажээ. Энэ оны 9 дүгээр сарын байдлаар хадгаламж өнгөрсөн оны мөн үеэс 38,6 хувиар өсч, урьд байгаагүй өндөр түвшинд хүрчээ. Энэ бүхэн макро түвшний бодлого бидний бодож төлөвлөсөн хэмжээнд явагдаж байгааг харуулж байна. Бодит эдийн засгийн байдалд ч анхаарал татах зүйл олон гарчээ. Хувийн хэвшлийн бүтээн байгуулалт төсвийн хөрөнгө оруулалтаас хол давж, гадаадын шууд хөрөнгө оруулалт энэ онд төсвийнхөөсхоёр дахин их болжээ. Эх орны гурилын хэрэгцээг дотооддоо хангах боломжтойгоос гадна нэг сая тонн хадлан, тэжээл бэлтгэх нь дээд амжилт гаргаж байсан 1990-ээд оны түвшинд дөхөж байна. Хүнсний ногоо, төмс, ургамлын тосыг валют заран гадаадаас авахыг эрс багасгах боломжтой боллоо. Иргэдийн хүнсний хэрэглээнд зонхилох байр эзэлдэг мах, махан бүтээгдэхүүний үнэ оны эхний саруудынхыг бодвол буурч байна. Гэхдээ, энэ нь санаа амарч тайвшрах үндэслэл биш ээ. Хөдөлмөрчдийг үе үе бухимдуулдаг махны үнийн гэнэтийн өсөлтийн шалтгаан нь нөөцийг урьдчилан бүрдүүлэх боломжийг алдсантай холбоотой. Энэ бол зах зээлийн мэдрэмж, ажлын зохион байгуулалт дутсаны тодорхой нэг жишээ юм. Зөвхөн мах ч биш цаашдаа үр тариа, гурилын хомсдол гаргахгүй байх талаар урьдаас бодож сайтар зохион байгуулж чадвал ийм бэрхшээлийг дахин давтахгүй байх боломжтой. Эрэлт, нийлүүлэлтийг тэнцвэржүүлэх бодлогыг бид тууштай явуулах хэрэгтэй байна.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw