147 БАЙГАЛИЙН УРГАМЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ, БАЙГАЛИЙН УРГАМАЛ АШИГЛАСНЫ ТӨЛБӨРИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ХУУЛИУДЫН ТАНИЛЦУУЛГА Монгол Улсын Засгийн газраас Байгалийн ургамлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг, Байгалийн ургамал ашигласны төлбөрийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хамт 2010 оны 7 дугаар сарын 08-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн бөгөөд Улсын Их Хурал 2010 оны 12 дугаар сарын 09-ний өдөр баталсан. Монгол Улсын Их Хурлын 2009 оны 38 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын хууль тогтоомжийг 2012 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл”-д байгалийн ургамлын хамгаалалтыг сайжруулах, хууль зөрчсөн этгээдэд хүлээлгэх хариуцлагын хэмжээг нэмэгдүүлэх үүднээс Байгалийн ургамлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар заасан. Цаг уурийн өөрчлөлт, цөлжилтийн хурдац, бэлчээрийн талхлагдал болон уул уурхайн зүй зохистой ашиглалтгүй байдал, хүний буруутай үйл ажиллагааны улмаас байгальд үзүүлж буй сөрөг нөлөөллүүдээс байгалийн ургамлын тархацын хүрээ хумигдан, түүний төрөл, зүйл сүүлийн жилүүдэд эрс багасах хандлагатай болсон тул түүнийг хамгаалах эрх зүйн орчныг боловсронгуй болгох шаардлага бий болсон. Байгалийн ургамлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар байгалын ургамал гэж юу болохыг тодорхойлж, түүний тархац, нөөцийн судалгаа, тарималжуулах ажиллагааг тодотгон ашиглах, байгалийн ургамлыг сүүлийн үед ямар нэг зөвшөөрөлгүй гадаадад гаргаж байгааг тодорхой зөвшөөрөл, хязгаартайгаар гаргах буюу эцсийн бүтээгдэхүүн болгон боловсруулсаны дараа гадаадад гаргах талаархи зохицуулалтыг тусгасан болно. Сүүлийн жилүүдэд гаднаас оруулж ирэн тарьж ургуулан үр шимийг нь авдаг ургамлын тоо, хэмжээ нэмэгдэхийн зэрэгцээ, тэдгээр нь байгалийн бусад ургамлын төрөл, зүйлийн тархац, нөөцийг багасах, устах аюулыг дагуулдаг тул харь ургамлыг тодорхойлон, түүнийг тарималжуулах асуудлыг зохих зөвшөөрөлтэй болгож, тарималжуулахдаа битүүмжилэн хязгаарласан талбай ашиглахаар тусгасан. Байгалийн ургамлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд байгалийн ургамлын тархац, нөөцийн судалгааг тогтмол явуулж байхаар тогтоосон бөгөөд ингэснээр байгалийн ургамлыг ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар түүж бэлтгэх зөвшөөрөл олгоход байгалийн ургамлын тархац, нөөцийг харгалзан үзэх боломжийг бий болгон байгалийн ургамлын төрөл, зүйлийг хамгаалах болно.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw