142 Эрх зүй, хууль тогтоомжийн хэлтсийн зөвлөх Л.Батмөнх НЭМЭГДСЭН ӨРТГИЙН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Монгол Улсын Засгийн газраас санаачлан Улсын Их Хуралд өргөн мэдүүлснийг Улсын Их Хурал хэлэлцэн 2011 оны 02 дугаар сарын 02-ны өдөр баталсан. Тус хууль нь “Санхүү эдийн засгийн хүндэрлийг даван туулах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2009 оны 22 дугаар тогтоолын 1 дүгээр хавсарлтад “мал аж ахуйн гаралтай түүхий эд болох арьс шир, махны экспортыг нэмэгдүүлэх эрх зүйн болон татварын таатай орчныг бүрдүүлэх арга хэмжээ авах”- аар, мөн уг тогтоолын 2 дугаар хавсралтад дотоодын үйлдвэрлэлээ дэмжих, иргэддээ эх орны хөрсөнд тарьж ургуулсан, хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг хангасан төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ, зөгийн балыг хямд үнээр худалдан борлуулах зорилгоор Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулахаар тус тус заасныг хэрэгжүүлэх, хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хангасан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч дотоодын тариаланчид, үйлдвэрлэгчдийг татварын бодлогоор дэмжих импортыг орлох бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилгоор энэ хуулийг баталсан. Уг хуульд дотоодын үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор хүнсний гол нэрийн барааг буюу мал аж ахуй эрхлэгч иргэн, хуулийн этгээдийн дотоодын түүхий эдээр үйлдвэрлэлийн аргаар боловсруулан дотооддоо борлуулсан хүнсний сүү, сүүн бүтээгдэхүүн болон үйлдвэрийн аргаар төхөөрч бэлтгэсэн тураг болон шулж ангилсан мах, хүнсэнд хэрэглэх дотор эрхтэн, дайвар бүтээгдэхүүн, түүнчлэн газар тариалан эрхлэгчийн тарьж борлуулсан үр тариа, төмс хүнсний ногоо, жимс, жимсгэнэ, үйлдвэрлэсэн гурил зэргийг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөхөөр заасан. Харин эдгээр хүнсний нэр төрлийн бараа, бүтээгдэхүүнийг худалдан авч зуучлан борлуулсан тохиолдолд нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөлтөд хамаарахгүй байхаар хуульчиллаа. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд дээрх нэмэлт, өөрчлөлтийг оруулснаар дотоодын үйлдвэрлэгчдийн татварын ачааллыг багасгах, дотоодын тариаланчид, гурил үйлдвэрлэгчдийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, хэрэглэгчдийг хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хангасан, хямд хүнсний бүтээгдэхүүнээр хангах нөхцөл бүрдүүлж байгаа болно. Эрх зүй, хууль тогтоомжийн хэлтсийн зөвлөх Л.Батмөнх
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw