248 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭРИЙН ӨМНӨӨС ДҮГНЭЛТ ГАРГАХ НЬ: 1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3 дахь хэсэгт “Төлбөр авагч, төлбөр төлөгч нь шийдвэр гүйцэтгэгчийн үйл ажиллагаа, түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөхгүй бол ажиллагаа явагдсан өдрөөс, уг ажиллагаа хэзээ, хаана явагдсаныг мэдээгүй бол өөрт мэдэгдсэн өдрөөс хойш гомдлоо долоо хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид гаргана. Ахлах шийдвэр гүйцэтгэгч гомдлыг 14 хоногийн дотор шийдвэрлэж тогтоол гаргах бөгөөд энэ тогтоолыг эс зөвшөөрвөл долоо хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болно. Гомдлыг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр нь эцсийн шийдвэр байна” гэж заасны “... Гомдлыг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр нь эцсийн шийдвэр байна.” гэсэн хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтын “Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл ... шүүхийн шийдвэрийг давж заалдах ... эрхтэй.”, Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “... Дагнасан шүүхийн үйл ажиллагаа, шийдвэр нь Улсын дээд шүүхийн хяналтаас гадуур байж үл болно.”, Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтын “давж заалдах болон хяналтын журмаар доод шатны шүүхийн шийдвэрийг хянан үзэх”, Тавьдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх ...” гэсэн заалтыг тус тус зөрчсөн байна. 2. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3 дахь хэсгийн “... Гомдлыг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр нь эцсийн шийдвэр байна.” гэснийг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн дагуу 2015 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлсүгэй. 3. Энэхүү дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хүлээн авсан өдрөөс хойш 15 хоногийн дотор хэлэлцэж, хариу ирүүлэхийг Улсын Их Хуралд уламжилсугай. ДАРГАЛАГЧ Ж.АМАРСАНАА ГИШҮҮД Н.ЖАНЦАН Т.ЛХАГВАА Д.НАРАНЧИМЭГ Д.СОЛОНГО
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5