234 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Дөрөв. Үндсэн хуулийн цэц 2015 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн дунд суудлын хуралдаанаараа энэхүү маргааныг хэлэлцэж 03 дугаар дүгнэлт гаргасан байна. Уг дүгнэлтийн үндэслэл хэсэгт: “1. Монгол Улсын Үндсэн хуульд Улсын дээд шүүх ямар замаар Үндсэн хуулиас бусад хуулийг тайлбарлахыг шууд заагаагүй боловч мөн хуулийн Тавьдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “... Хэрэв Улсын дээд шүүхийн шийдвэр хуульд харшилбал түүнийг Улсын дээд шүүх өөрөө хүчингүй болгоно. Улсын дээд шүүхийн тайлбар хуульд харшилбал хуулийг дагаж биелүүлнэ.” гэж заасан. Үүнээс үзэхэд Монгол Улсын Үндсэн хуульд Улсын дээд шүүхийн шийдвэр ба Улсын дээд шүүхийн тайлбар хэмээх ойлголтыг томьёолж, улмаар Улсын дээд шүүхээс хэргийн болон хэм хэмжээний тайлбар гаргах тухай үзэл санааг илэрхийлсэн байна. Иймд Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.1 дэх заалтад Улсын дээд шүүхээс зөвхөн хэрэг, маргааныг хянан шийдвэрлээд гаргасан шийдвэр шууд хуулийн албан ёсны тайлбар болохоор зохицуулсан нь энэ талаарх Үндсэн хуулийн үзэл баримтлал хийгээд зохицуулалтад үл нийцсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Монгол Улсын Үндсэн хуульд Улсын дээд шүүхийн тайлбар нь хуулийн агуулгатай зөрчилдсөн бол тайлбарыг баримтлахгүйгээр зөвхөн хуулийг баримтлахаар заасан бөгөөд тухайн тайлбараар хуулиас давсан хэм хэмжээ бий болгохгүй тул Улсын дээд шүүхээс хуулийн хэм хэмжээний тайлбар гаргах нь хууль тогтоох эрх мэдэлд халдана гэж үзэх үндэслэлгүй юм. 2. Улсын дээд шүүхийн шийдвэр хуульд харшилсан тохиолдолд Улсын дээд шүүх өөрөө хүчингүй болгох тухай Үндсэн хуулийн дээр дурдсан заалтыг Монгол Улсын шүүхийн тухай хуулиар хэрхэн хэрэгжүүлэх талаарх зохицуулалт орхигдсон байна. Мөн Монгол Улсын шүүхийн тухай хуулиар Улсын дээд шүүхээс хэрэг, маргааныг хянан шийдвэрлээд гаргасан шийдвэрийг хэрхэн хуулийн нэг мөр, албан ёсны тайлбар болгох журмыг тусгайлан зохицуулаагүйгээс үүдэн уг хуулийн холбогдох зохицуулалтын дагуу Улсын дээд шүүхийн аль нэг танхимаас гаргасан шийдвэр бүр хуулийн тайлбар болох нөхцөл бүрдэн, агуулгын хувьд зөрчилдсөн шийдвэр гарсан тохиолдолд хэрхэн шийдвэрлэх нь тодорхойгүй болж, Улсын дээд шүүхийн 3-5 шүүгчийн саналаар хуульд тайлбар хийх боломжийг бүрдүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна.” гэжээ.
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5