4 Монгол Улсын Их Хурлын 2019 оны ýýëæèò áóñ чуулганы үйл ажиллагааны танилцуулга МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА ГОМБОЖАВЫН ЗАНДАНШАТАР 2019 ОНЫ ЭЭЛЖИТ БУС ЧУУЛГАНЫГ НЭЭЖ ХЭЛСЭН ҮГ Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ! Монгол Улсын Их Хурлын тухай хууль, Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу Улсын Их Хурлын хаврын чуулган өндөрлөж байгаа ч Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд заасны дагуу Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн хэлэлцүүлэг тасралтгүй үргэлжлэх ёстой учраас ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулж байна. Монгол Улсад нар хур тэгширсэн дэлгэр зун ирж, Үндэсний их баяр наадам удахгүй болох гэж байна. Монголыг Монгол гэж харагдуулдаг үндэсний уламжлалт зан үйл, баяр ёслолоо бид өргөн дэлгэр тэмдэглэх учиртай ч ард түмний төлөөлөл, даруухнаар хэлбэл, төрийн зарц Та бидэнд чуулганаа завсарлуулах эрх алга аа. Учир нь та бид түүхэн үүрэг гүйцэтгэж байна. Ард түмнийхээ хүсэл, зорилго, нийгмийнхээ захиалгыг биелүүлэх нь олон түмнээ төлөөлөн төрийн эрхийг барилцаж байгаа Та бидний журамт үүрэг юм. Ардчилсан Үндсэн хууль түүхэн үүргээ гүйцэтгэж, бахархам амжилт ололтыг авчирсан. Алдаа оноо нь ч ил байна аа. Засаж сайжруулах гэдэг дээр маргаж байгаа хүн алга. Товчхон хэлбэл, эмх замбараагүй өнөөгийн нийгмийг цэгцлэх цаг болсонтой бараг хүн болгон санал нийлж байна. Энэ бол боломж, Монголын ард түмний түүхэн сонголт юм. Цэгцэлж хэрвээ чадвал цэгцрэх хөдөлгөөн хөгжил дэвшилд хүргэнэ. Үүний төлөө бид Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг эхлүүлсэн. Бидэнд буцах зам байхгүй. Хэрвээ зорьсноосоо буцвал, түүхэн боломжийг алдвал эс үйлдлийнхээ төлөө бид түүхийн өмнө хариуцлага хүлээх болно. Ингэж бодож хичээн зүтгэх учиртай. Энэ эрхэм үйл хэргийг зөв, сайнаар гүйцэлдүүлэхийн төлөө мэдлэг боловсрол, туршлага чадвар буй бүхнээ дайчлах ёстой гэсэн итгэл үнэмшил Монгол Улсын Их Хурлын гишүүд, төрийн түшээ та бүхэнд байгаа гэдэгт бүрэн итгэж байна. Гурван парламент дамжуулан, 10 жил ярьсан асуудлыг одоо шийдэх цаг мөч иржээ. Хорин долоон жилд арван гурван Засгийн газар сольж, тогтворгүй, хариуцлагагүй төр, тогтолцоо нь гажуудсан нийгмийг бүрдүүлсэн алдаагаа ухааран, цэгцлэх цаг болсон гэж үзэж байна. Байгалийн асар их баялгийн үр шим ард түмэндээ наалдаагүйн бурууг ч засах ёстой. Бид энэхүү нэмэлт, өөрчлөлтийг эхлүүлэхдээ олон түмний санал бодлыг сонсож, уулзалт хэлэлцүүлгүүдийг зохион байгуулсан. Ард иргэдээс ирсэн саналыг хэлэлцүүлгийн явцад судалж, анхаарах ёстой. Улс төрийн 15 нам дэмжиж, эв санааны нэгдлээ илэрхийлж, саналаа ирүүлж байна. Тухайлбал, МАХН-аас байгалийн баялаг нь ард түмний дундын өмч гэсэн заалт оруулъя, 6.1, 6.2 дээр хүн бүрийн мэдэх эрхийг хангая гэсэн саналаа илэрхийлжээ. Монгол Улсын Ерөнхийлөгч, Ардчилсан намаас Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд оруулах саналаа ирүүлж, асуудалд ажил хэрэгчээр хандана гэдэгт итгэлтэй байна.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw