Чуулганы танилцуулга

152 ЗАХИРГААНЫ ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА Захиргааны байгууллага, албан тушаалтны буруутай үйл ажиллагааны талаар түүнийг харьяалах дээд шатны байгууллага, албан тушаалтанд гомдол гаргаж шийдвэрлүүлэх болон захиргааны хэргийг захиргааны хэргийн шүүхээр шийдвэрлүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулсан Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг 2004 оны 6 дугаар сараас эхлэн дагаж мөрдөж ирсэн билээ. Монгол Улсын Үндсэн хуульд “захиргааны зэрэг шүүн таслах ажлын төрлөөр дагнасан шүүх байгуулж болно” гэж заасны дагуу байгуулсан захиргааны хэргийн шүүх нь тус улсын шүүхийн системд багтаж байгаа болно. Иймд захиргааны хэргийн шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг бусад шүүхийн процессийн үйл ажиллагаатай нийцүүлэх, хуулиудын зүйл, заалтын агуулга, үзэл санааг нэг мөр болгох, практик дээр тулгарч буй зарим асуудлыг хуульчилан зохицуулах шаардлагатай байгааг харгалзан үзэж Монгол Улсын Их Хурлаас 2010 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг баталсан юм. Ийнхүү хуулийн дагуу нэхэмжлэгч зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг, эсхүл хэргийн оролцогч, төлөөлөгч, өмгөөлөгч нь давж заалдах гомдол гаргах хугацааг, түүнчлэн хяналтын журмаар гомдол гаргах хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн бол хугацаа сэргээлгэх хүсэлтээ хаана гаргах, уг хүсэлтийг хянан шийдвэрлэх журмыг холбогдох зүйлд тусгав. Түүнчлэн Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд иргэний эрх зүйн чадамжтай иргэн шаардлагатай гэж үзвэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд захиргааны хэргийг хянан хэлэлцэхэд төлөөлөгчөө оролцуулах, захиргааны хэргийн шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан шийдвэртээ татгалзаж буй шалтгаанаа зааж, нэхэмжлэл хүлээн авахад саад болж байгаа зүйлийг хэрхэн засах, нэхэмжлэл хэрхэн гаргахыг зааж өгч уг нэхэмжлэлийг буцааж байхаар хуульчилсан байна. Мөн Шүүхийн тухай хуулийн болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зүйл, заалттай нийцүүлэн захиргааны хэргийг анхан болон давж заалдах, хяналтын шатны журмаар хянан шийдвэрлэхэд урьд нь оролцсон шүүгч, түүнчлэн хэрэг шийдвэрлэхэд оролцсон шүүгчийн гэр бүлийн гишүүн, түүнтэй төрөл, садангийн холбоотой шүүгч уг хэргийг өөр шатны журмаар хянан шийдвэрлэхэд оролцохгүй байх талаар хуульчилсан болно. Эрх зүй, хууль тогтоомжийн хэлтсийн ахлах зөвлөх Н.Тунгалаг

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw